Монголын либерал ардчилсан нам / МоЛАН / өнөөдөр /2024.05.02/ 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох батламжаа Сонгуулийн ерөнхий хорооноос авлаа. Монголын Либерал Ардчилсан нам 1998 онд байгуулагдсан бөгөөд намын Бүгд гишүүд дэмжигчдийн саналаар 2024 оны хоёрдугаар сард намын даргаар Д.Пүрэвдавааг сонгон үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.
Хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхийнхээ хүрээнд 2024 оны ээлжит Улсын Их Хурлын сонгуульд МоЛАН нь Монгол Улсын үндэсний эрх ашиг, хувь хүний эрх чөлөөг ханган хамгаалах, чөлөөт эдийн засгийг дэмжсэн, төрийн оролцоог хязгаарлаж иргэний нийгмийн оролцоог дэмжсэн баруун төвийн үзэл баримтлалыг нийгэмд сурталчилан таниулах үндсэн зорилготой. 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө бид төрийн данхар том бүтцийг оновчтой жижиг хувилбарт шилжүүлэх, хувь хүний эрх чөлөөг дээдлэн хамгаалах, хувийн аж ахуйн нэгж байгууллагын чөлөөт, хараат бус эдийн засгийг дэмжих үндсэн зорилтуудыг дэвшүүлэн оролцож байна. Өнөөдөр манай улсын улс төрд зүүний хүчний намын олонхоор авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь нийгэм, эдийн засагт хэрхэн сайнгүй нөлөөтэй байгааг бид хангалттай хугацаанд харж дүгнэлээ.
Үүний эсрэг баруун төвийн үзэлтэй намуудын дундаас бид шинийг эрэлхийлэгч, нийгэмд нөлөө бүхий хүчтэй дуу хоолой нь болж ажиллахаар энэ удаагийн сонгуульд үзэл санааны зорилго доор нэгдсэн хуульд заасан шалгуурт нийцэл бүхий салбар бүрийн шилдэг залуу боловсон хүчнийг илгээж байгаагаараа ихээхэн онцлогтой байна.